Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин зовлон бидний хэнийг ч алгасахгүй, дайраад л өнгөрнө. Хайртай дотны хүн чинь санаандгүй хажууд тань ухаан алдаад өгвөл яах вэ? Та ухаан алдсан хүнд анхны тусламж үзүүлж чадах уу? Чадахгүй гэж үү? Тэгвэл үүнийг уншаарай.
Хэрвээ та анхны тусламжийг эмч, эмнэлгийн ажилтан л хийдэг гэж бодож байгаа бол эндүүрсэн байна. Ард иргэд та бүхэн эмч, эмнэлгийн ажилтан ирэхээс өмнө өвчтөнд анхны тусламжийг үзүүлж өвчтөний амь нас, цаашдын эрүүл мэндийн байдлыг сайн хэвээр хадгалж үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ёстой хүмүүс билээ.
Ухаан алдалтын үеийн анхны тусламжийн талаар ярихаас өмнө ухаан алдалт яагаад үүсдэг, ямар шинж тэмдэг илэрдэг талаар товч авч үзье.
Ухаан алдах: Хүн гадны ямар нэгэн цочруулд хариу үзүүлэхгүй болохыг ухаан алдах гэнэ. Мөн ухаан алдахгүйгээр гэнэт баримжаагаа алдах, зүг чигээ мэдэхээ болих, хөших зэрэг ч ухаан балартлын хэлбэрт тооцогддог.
Энэ нь бараг бүх өвчин, гэмтлийн үед үүсэж болох бөгөөд мансууруулах бодис, архины нөлөөний улмаас мөн үүсэж болно. Богино хугацаанд түр ухаан балартах нь биед шингэн дутагдах, цусан дахь глюкозын хэмжээ багасах, түр зуур цусны даралт буурах зэргээс болж үүсдэг. Түүнчлэн зүрх судасны, мэдрэлийн хүнд эмгэгүүдийн үед ухаан алдаж болох тул ухаан алдсан өвчтөнүүд сэргэснийхээ дараа эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй. Хүчтэй ханиалгах, хурдан ойр ойрхон амьсгалах зэргээс ч хүн муужирч унах аюултай байдаг.
Шинж тэмдэг: Ухаан балартсанаар өвчтөн юм хүрэх, дуу чимээ, бусад гадны цочруулд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй.
Ухаан алдсаны дараа өвчтөнд дараах шинжүүд илэрч болно:
- Ухаан алдсанаас өмнөх, тэр үеийн эсвэл хойших үйл явдлыг санахгүй байх
- Самгардах, баримжаагаа алдах
- Толгой өвдөх
- Ярьж чадахгүй юмуу биеийн аль нэг хэсгийг хөдөлгөж чадахгүй байх (Харвалтын шинж тэмдэг)
- Толгой эргэх
- Шээс, өтгөнөө барьж чадахгүй болох
- Зүрхний цохилт түргэсэх
- Хөших
Хэрвээ амьсгал боогдсоноос болж ухаан алдсан бол:
- Ярьж чадахгүй
- Амьсгалахад төвөгтэй
- Амьсгалахад шуугиантай
- Сул ханиалгасан
- Арьс хөхөрсөн байна.
Унтаж байх болон ухаан алдах 2 нь хоорондоо ялгаатай ба унтаж байгаа хүн чанга дуу чимээнд, зөөлөн сэгсрэхэд хариу үзүүлэх бол ухаангүй болсон хүн тэгэхгүй.