Даралт буурах өвчин юугаараа аюултай вэ? Хэрхэн үүнийг эмчлэх вэ? Нийтлэгч: Гэгээ Огноо: 2017/10/255 0 Facebook Twitter Ямар артерийн даралтыг бид буурсан гэж үздэг вэ? Даралт буурах өвчний шалтгаан юу вэ, мөн энэ нь аюултай юу? Тэгэхээр өнөөдөр бид даралт буурах тухай ярилцах бөгөөд түүнтэй холбоотой асуултуудад хариулах болно. Артерийн даралтын доод хязгаар нь эрэгтэйд 100/60 мм м.у.б., эмэгтэйд 95/65 мм м.у.б. байдаг. Мөн тухайн хүний хэвийн даралт 20%-иар буурахыг даралт буурсанд тооцдог. Зарим өвчтөнүүд даралтаа буурч байгааг мэдэрдэггүй. Харин энэ бол маш том асуудал юм. Учир нь даралтандаа дасан зохицсоноор хүмүүс эмчид хандахаа больдог. Ямар ч тохиолдолд даралт бууралтыг – гипотони – өндөр даралтаас ангид үзэж болохгүй. Залуу насанд даралт багасаж байгаа бол нас биед хүрэхэд даралт ихэснэ, харин ахимаг насанд даралт дахин буурна. Даралт буурах өвчин аль ч насныханд ноцтой асуудал үүсгэдэг, яагаад гэдгийг одоо илүү нарийвчлан авч үзье. Даралт буурах нь аюултай юу? Яагаад эмч нар өвчтөний даралт буурахад түгшүүр зарладаг вэ? Даралт ихсэлтийг харвалт, зүрхний булчингийн шигдээст хүргэж болдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ ямар тохиолдолд даралт бууралтыг аюулгүйд тооцож болох вэ? Үгүй дээ, даралт багасалтыг аюулгүйд тооцож болохгүй. Даралт буурахад тархи цусан хангамжийн дутагдалд орсонтой холбоотойгоор тархинд очих хүчилтөрөгч багасаж тархинд ишемийн харвалт үүсэж болно. Ялангуяа ахимаг настай өвчтөнүүдэд энэ нь аюултай. Яагаад гэвэл нойрны үед үүсэх физиологийн даралт бууралт нь сонсгол, харааг хариуцдаг тархины зарим хэсгийн цусан хангамжийг бууруулж дүлий болох, хараа муудах шалтгааныг нөхцөлдүүлнэ. Зүрхний гажиг, кардиосклероз, стенокарди зэрэг өвчнүүдийн явц нь даралт буурах үед харьцангуй хурдан явагддаг. Учир нь гипотони үед титэм судас (зүрхийг тэжээдэг артери) зүрхний булчингийн цусны урсгалыг хангаж чаддаггүй. Даралт буурах нь ялангуяа жирэмсэн эхчүүдэд аюултай байдаг. Артерийн даралт буурсны улмаас ураг тэжээлийн бодис болон хүчилтөрөгчийг эхээс хангалттай хэмжээгээр авч чадахаа байдаг. Үүнтэй холбоотойгоор нярайг төрөх үед төрөлхийн гажиг оношлогдож болно. Мөн даралт буурах нь дутуу төрөх, үр зулбахад нөлөөлдөг учир аюултай юм. Даралт буурах үед илрэх шинж тэмдгүүд Гипотонийн шинж тэмдгүүд нь тархи болон зүрхний цусан хангамжийн дутагдалтай холбоотой байдаг. Тархины цусан хангамжийн дутагдалтай холбоотой шинж тэмдгүүд: Толгой лугшиж өвдөх ба ихэвчлэн чамархай, дух орчмоор өвдөнө, биеийн болон оюуны ачааллын дараа илүү ихээр өвдөнө Толгой эргэх Ядарч сульдах Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт муудах Зүрхний цусан хангамжийн дутагдлаас үүсэх шинж тэмдгүүд: Зүрх савлах Зүрх орчмоор өвдөх, өвдөлт хагас цагаар үргэлжилнэ Ходоод гэдэсний шинж тэмдгүүд: Өтгөн хатах, гэдсээр хатгуулах Дотор муухайрах, бөөлжих Хоол идсэний дараа хэхрүүлэх, гэдэс дүүрэх Бидний харж байгаачлан даралт буурах шинж тэмдгүүд маш олон төрөл байдаг. Тиймээс бүх шинж тэмдгүүд даралт бууралттай холбоотой гэдэгт итгэхийн өмнө заавал зүрх судасны тогтолцоо, толгойн том артери вен, дотоод шүүрлийн эмгэг, ходоод гэдэсний замын өвчнүүдээ үзүүлж оношлуулаарай. Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан оношилгоо заавал хийлгэх хэрэгтэй бөгөөд, бамбай булчирхайн дааврын шинжилгээ, толгойн том артери венийг оношлуулж, ходоод гэдэсний өвчнүүдээ үзүүлж заавал шинжлүүлж эмчлүүлээрэй. Даралт буурах гол шалтгаанууд Артерийн даралт буурах маш олон шалтгаан бий. Шалтгаанаас хамааран гипотониг ангилдаг. Хурц байж болно (зүрхний шигдээс, гэнэтийн хэм алдагдал, уушгины артерийн бөглөрөл, гэмтлийн гаралтай шок, цус алдалт, хурц перитонит). Мөн архаг хэлбэр байх бөгөөд дотор нь ингэж ангилна: Физиологийн (хүчилтөрөгчийг хэмнэж зарцуулах маягаар биеийн ачаалалд дасан зохицох чадвартай биеийн хүчний ажил хийдэг хүмүүс, тамирчдын гипотони) Анхдагч (сэтгэцийн болон биеийн хэт ачаалал, стрессийн улмаас үүсдэг) Хоёрдогч нь янз бүрийн өвчний шинж тэмдэг хэлбэрээр илэрдэг бөгөөд энэ тохиолдолд өвчний явцыг хүндрүүлдэг. Хоёрдогч гипотони нь даралт буурах өвчний ихээхэн хэсгийг эзэлдэг. Олон тооны өвчнүүд хоёрдогч гипотонид хүргэдэг: Тархи, гавлын гэмтэл Нурууны шохойжилт болон нурууны гэмтэл, ялангуяа нурууны артерийн гэмтэл Элэгний хатуурал Цус багадалт, ялангуяа цочмог цус алдалтын үед Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал Гипогликеми Халдварт өвчний үеийн хурц хордлого Ямар ч төрлийн хурц нөхцөл байдлууд: анафилаксийн шок, бөөлжих үеийн шингэн алдалт гэх мэт. Даралт нь гипоталамус, өнчин тархины тогтолцоогоор зохицуулагддаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Энэхүү тогтолцоо тэнцвэртэй байх үед л тархинаас ирэх мэдрэлийн сэрэлд судаснууд хариу өгдөг. Хэрэв энэхүү тэнцвэр алдагдвал судас өргөсөхөөс гадна бөөрний дайвар булчирхайд даралтыг ихэсгэхэд нөлөөлдөг альдостерон хангалттай үйлдвэрлэгдэхээ больдог. Анхдагч болон бие даасан гипотонийг тодорхойлохын тулд өвчтөнийг нарийвчлан шинжлэх хэрэгтэй. Бамбай булчирхайн эмгэгтэй эсэх, цус багадалттай эсэх, бусад төрлийн өвчин байгаа эсэх, өвчтөн спортоор хичээллэдэг эсэх, биеийн хүчний ачаалалтай ажил хийдэг эсэх зэргийг лавлан асууна. Мэдээж хэрэг эдгэрэхийн тулд анхдагч гипотонийн шалтгаан үүсгэгч буюу амьдралын хэв маягаа өөрчлөх, стрессээ чадахаараа багасгах, биеийн хүчний ачааллыг багасгах зөвлөгөөнүүдийг өвчтөндөө өгнө. Даралт буурах үед юу хийх хэрэгтэй вэ, мөн үүнийг эмчлэх ёстой юу? Бид аль хэдийн даралт бууралтын үр дагаврыг ярилцсан билээ. Тиймээс үүнийг эмчлэх хэрэгтэй юу гэдэг асуултын хариу “мэдээж тийм” байх болно. Даралт бууралтыг заавал эмчлэх шаардлагатай. Бид даралт бууралтыг ямар ч өвчний үр дагавар биш гэдгийг олж мэдсэн юм чинь эхний ээлжинд амьдралын хэв маягаа өөрчилж биеийн болон мэдрэлийн ачааллаас салах хэрэгтэй. Хоёрдугаарт иллэг хийх, сэлэлтээр хичээллэх, цэвэр агаарт гарах өөрөөр хэлбэл даралт бууруулах эмийн бус эмчилгээний аргууд даралт багатай хүнд үр дүнтэй. Хэрэв үр дүнгүй бол эмийн бэлдмэл хэрэглэх тухай бодож үзэх хэрэгтэй болно. Эхний ээлжинд өргөст самархайн хандмал, хүн орхоодой, хонгорзул, алтан гагнуур, Гинко билоба бэлдмэл зэрэг ургамлын гаралтай эмийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Хэрэв эдгээр эмүүд үр дүнгүй бол мэдрэлийн эмчид хандаж, тархины цахилгаан бичлэг, тархины судсанд нарийн мэргэжлийн шинжилгээ, ЭХО, тархины судасны MRI, зүрхний цахилгаан бичлэг зэрэг нарийн шинжилгээ оношилгоо хийлгүүлж эмчлүүлээрэй. Эмчилгээнд Мексидол, Актовегин, Церебролизин, Винпоцетин зэрэг эмүүд орох ба эдгээрийг ихдээ 10-14 хоног судсаар хийж дараа нь Мексидол, Милдронат, Циннаризин, Кавинтон зэрэг эмүүдийг дуслаар хийдэг. Үүнээс гадна тайвшруулах үйлчилгээтэй эмүүдийг орой хэрэглэх шаардлагатай: Ново-Пассит, Глицин, Элтацин эдгээр эмийг нэг сараас ихгүй хугацаагаар хэрэглэхийг эмчлэгч эмч тань зөвлөх болно. Даралт багатай хүмүүс юуг мэдэх хэрэгтэй вэ? Залуу насандаа даралт багатай байсан хүмүүс хөгшрөөд даралт ихсэх өвчтэй болох магадлал өндөр байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв өвчтөн залуу хүн бол, мөн стенокардийн эрсдэлийн бүлэгт ордог бол зүрхний өвчинг стенокарди юу, даралт багасалт уу гэж ялгах шаардлагатай. Ялгаа нь гэвэл даралт буурах үеийн зүрхний өвдөлт удаан үргэлжилдэг бол стенокардийн үед 15 минутаас хэтэрдэггүй. Ямар ч тохиолдолд стенокарди гэж сэжиглэж байгаа бол зүрхний цахилгаан бичлэг хийлгэх хэрэгтэй. Даралт бууралтыг арилгах хамгийн энгийн арга бол тогтмол дасгал хөдөлгөөн юм. 7-10 хоногийн турш дасгал хийхэд л үр дүнг нь мэдэрч болно. Гипотонитой хүмүүс дасгал хийх үед толгой нь эргэдэг учир болгоомжтой байгаарай. Тиймээс ч даралт буурсан үед хэвтээ болон суугаа байрлалд хийж болох цогц дасгал гэж байдаг. Даралт бууралтыг хөнгөн давахын тулд хоолондоо халуун ногоо нэмж идээрэй – энэ бол даралт буурах үед хийх эмийн бус үр дүнтэй арга юм. Энэ халуун ногоонд шанц, хадаасан цэцэг багтаж байгаа юм. Шанц нь даралт ихсэлт, бууралтыг тогтворжуулах чадвартай маш сонирхолтой амтлагч аж. Кофеин агуулсан ундаанууд мөн л даралт бууралтын шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг. Кофеиныг өдөөгч ургамалтай хослуулан хэрэглэж болно ингэхдээ нойргүйдлээс сэргийлж оройн 4 цагаас өмнө хэрэглэх хэрэгтэйг анхаараарай. Гол нь хүн орхоодойг хаврын сүүл, зун, намрын эхээр хэрэглэж болохгүй, өөрөөр хэлбэл нартай үеэр хэрэглэх нь хавдрын процессыг өдөөхөөс сэргийлж байгаа арга юм. Ирээдүйд даралт буурахаас сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Даралт буурахаас сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ сайтар анхаарал тавьж, амралт ажлын цагаа зохицуулж, цэвэр агаарт гарч, тодорхой хэмжээгээр ачаалал өгдөг спортоор хичээллээрэй. Мөн шаардлагатай бол мэдрэлийн эмчийн хяналтанд эм ууж болно.